Thursday, May 26, 2011

“Монголын эрчим хүч–2011: Бодлого-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалт

Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжил эрчимжиж, эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж буй өнөө үед манай орны эрчим хүчний салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад төрийн бодлого зорилтыг танилцуулах нь чухал ач холбогдолтой болоод байна.
Иймд, Монголын Эрчим хүчний салбарын бодлого зорилтыг танилцуулах, салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн зорилго бүхий “Монголын эрчим хүч–2011: Бодлого-Хөрөнгө оруулалт-Технологи” олон улсын чуулга уулзалтыг 2011 оны 05 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам төлөвлөн ажиллаж байна.
Уг олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үеэр Монголын төрийн байгууллагын болон ажил хэрэгч хүмүүс, эрчим хүчний салбарын төлөөлөл, үйлдвэр компаниуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн чуулж, Засгийн газрын зүгээс эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулагчдад санал болгож буй төсөл арга хэмжээ, концессын зүйлс болон яамны бодлого, эрх зүйн орчныг танилцуулах юм.
Энэхүү чуулга уулзалт нь Монголын эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, бодлого зорилтыг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн зүгээс хэрэгжүүлэх, санхүүжилт шаардлагатай байгаа төсөл, арга хэмжээг сурталчлах, хамтран ажиллах, техник технологийн танилцуулга хийх нөхцлөөр хангагдах боломжийг бүрдүүлж байгаа болно.
Монгол Улсын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах; эрчим хүчний чиглэлээр бизнес эрхлэх; төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх; техник технологи нэвтрүүлэх; хамтын ажиллагаа хөгжүүлэх болон мэдээлэл авах хүсэл сонирхол бүхий байгууллага, компани, хувь хүмүүсийг уг олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

www.energy.gov.mn



Д.Зоригт

Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд

No comments:

Post a Comment